ДӨНӨ ӨВЛИЙН ХҮЙТНЭЭС ТӨӨНӨХ ДУЛААН ТАЙЛАНД УЛСРУУ АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ

ДӨНӨ ӨВЛИЙН ХҮЙТНЭЭС ТӨӨНӨХ ДУЛААН ТАЙЛАНД УЛСРУУ АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ


Бидний хэдэн нөхөд ажил албаныхаа буянаар утаа униар ихтэй Улаанбаатар хотоос хэсэгхэн хугацаанд холдож нүд баясгаж, сэтгэл сэргээх аялалд хамт олноороо явсан юм. Аавыг байгаад хүнтэй танилц, Атганы сайнд газар үз гэдэг эртний сайхан Монгол үгийг аман дотроо бувтнаж бувтнаж аяллын эрхээ бичгээ гардан авснаа нуух юун.  За тэгээд үргэлж хамт ажиллаж, бие биедээ түшиг тулгуур болсон бидний хувьд амжилт бүтээлээ дүгнэн, цаашид хийж бүтээх зүйлсээ ярилцахад сайхан амралт болно гэдэгт итгэлтэй байлаа. Ингээд бид арван хэдүүлээ дөнө өвлийн хүйтнээс төөнөх дулаан Тайланд улсыг зорьсон юм.

Аялалд явах гэж байгааг сонссон дүү нар маань “Та заавал усан парк дээр нь очиж, 9-н давхартай тэнцэх усан гулгуураас гулгаарай” гэж захиж, харин багын нэг алиа найз Хаагий маань “Хэт хөөрхөн хүүхэн байвал битгий нээх ойртоорой, тэрийг чинь Лэйди Боё гэдэг юм ш дээ” гээд шоолон инээж байх нь чихэнд сонсогдсоор онгоц газардлаа.

 Аяллын эхний өдөр

Хамаг байдаг нимгэн нойтон хувцаснаасаа өнгөтэй өөдтэйг сонгож аваад цүнхэлсэн бид чинь Таиландын нисэх буудал дээр хүйтэн орноос ирсэн илт мэдрэгдэж байв. Биднийг очиход +32 градусын халуун угтсан тул хацар ам улайж, ёстой л хар нүдний шил, сандалны эрэлд гаргахад хүргэв. Гэвч нутгийн иргэд өнөөдөр их сэрүүхэн байна хэмээн ярьж байгааг орчуулагч тайлбарлаж өглөө. Далайн эрэг, амтат ундаа, жимс жимсгэнэ, нүүр дүүрэн инээсэн хүмүүсээр бидний аялал эхлэв.

Усан парк

Халуун агаад бүгчим агаарт хүн бүхэн сэрүүхэн усан сан хүсэх ойлгомжтой. Багадаа “мангасын ам” гэдэг гулгуур дээрээс гулгаж байснаас биш өндөр дээрээс гулгаж буугаад усруу шумбаж байсангүй. Их айдастай атлаа сонин мэдрэмжийг авч билээ. Санаа зовох зүйлгүй наранд биеэ шарж, хүйтэн коктейль шимэн, эцэс нь үгүй далайг ширтэн хэвтэх нь амьдралын гүн бодолд автан өөрийн эрхгүй нүд анилдаж билээ. Гэхдээ унтаж болохгүй үзэх харах зүйл их билээ.

Хааны ордон 

Таиландын улсын Хааны ордон нь 150 гаруй жилийн түүхтэй. Таиландад очсон бол заавал үзэх ёстой газрын нэг. Эртний өв уламжлал, түүх соёлыг агуулсан уг барилгад зөвхөн хааны ордон байгаад зогсохгүй шүүхийн барилга, төр захиргааны байгууллагууд, хувьчлалын үед зоосны үйлдвэр ч байсан сонин түүхтэй юм билээ. Гаднаас харахад гоёмсог алтан шаргал өнгөтэй тансаг барилга нь хээ хуар үзсэн хүн бүрийн сэтгэлийг баясгана. Дотор байрлах музей олны анхаарлыг татахаас гадна байршуулсан үзмэр бүрээс Тайланд улсын соёлыг мэдэх боломжтой. Гол хэсэгт байрлах хатны хэрэглэж байсан гоёл чимэглэл зүүлт, хувцсыг байршуулсан байх ба энэ орчин цагийн Тайланд улсын хувцас загварын хандлагыг тодотгодог байна. Дараа очих хүмүүстэй хандаж хэлэхэд Хааны ордонд биеэ ил гаргасан хувцастай орохыг хориглодог юм билээ шүү хүндэлмээр санагдсан.

Далайн эрэг ба Борлосон Монгол

Зунжин хөсөр царайлж хөдөөгөөр зугаалсан ч борлож өгдөггүй арьс минь 7 хоногийн дотор боорцог шиг бор болсныг эхлээд дурдах зөв байх. Тайланд улс өөрөө далайн эргийн улс бөгөөд урд хэсэг тэр чигээрээ далайтай холбогдоно. Тэр дунд Патаяа гэх далайн эрэг / арал/ жуулчдын очих дуртай газрын нэг бөгөөд газрын диваажин гэж нэрлэх нь ч бий. Цэв цэнгэг далай, алтан шаргал элсний уулзвар үзэсгэлэнт эрэг дээр амарч байна гэдэгтээ эхлээд өөртөө итгээгүй билээ. Байгалийн сайхныг тэгэхэд мэдэрч, амьдарч байгаадаа баярлан ээж, аавруугаа залгаад “хайртай” гэдгээ хэлмээр санагдаж байлаа. Бас энэ их сэтгэл хөдлөлөө далайн давлагаатай хавсаргаад  амжилт өөдөө үргэлж тэмүүлэхээр өөрийгөө зоригжуулан давлагаа сөрөн үсрэн орсноо нуумааргүй. Тэд л сэтгэл минь сэргэж, арьс минь борлосон юмдаг.

Лэйди Боё ба Baby Boy

Тэднийг эрэгтэй хүн гэхэд итгэхэд бэрх, гэхдээ л тэд эрэгтэй хүн. Хажууд би бол үнэхээр хүүхэд шиг харагдаж байлаа. Ярьж, дуулж, бүжиглэж, жүжиглэж байгаа нь яг эмэгтэй хүн шиг. Ёстой л нэг жуулчдын нүдийг хужирлаж, баясгаж, цэнгүүлж чадаж байлаа. Уян налархай биеээр, угаасаа төрсөн юм дуу хоолойгоор уригдсан ирсэн зочдод урлагын гайхалтай тоглолт үзүүлж, хамт бүжиглэн сэтгэлийн хөдөлгөнө. Тайланд гэх үгний ард лэйди боё гэсэн утга байнга явдаг нь ийм учиртайг тэгэхэд мэдэрч билээ.  

Хүнд даваа  ба 84-н давхар

Дэлхийн таталцах хүчнээс дээш 84-н давхарт гараад далайн гаралтай хоол иднэ гээд  төсөөл дөө. Амаар орохгүй хүнд даваа юм билээ. Шөнийн Тайланд хотыг өндөр дээрээс харж, хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийн үрээр болдгыг ойлгож байлаа. Хөдөлмөрлөсөн хүн хоосон хоцрохгүй.

Амьтад ба аминдаа хайртай Монгол зан

Тайланд явсан хүн зааны хошуу дээр сууж байгаад зургаа авахуулаагүй бол яваагүйд тооц гэсэн үг ч байдаг юм билээ. Матар, могой, усны үхэр, загас гэх амьтдыг хүний гараар сайн сургажээ. Салхи нь халуунаар үлээх энэ оронд санаанд багтамгүй айдастай, адреналин ялгаруулсан эрсдэлтэй алхам хийхийг Танд санал болгоно. Жишээ нь: Ангайж буй матрын аманд толгойгоо хийх, газар хэвтээд заан дээгүүрээ алхуулах гээд л.... Над шиг аминдаа хайртай хүний хувьд тийм эрсдэлтэй алхам хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй юм билээ. Амьтан л бол амьтан, араатан бол араатан гэх төрөлхийн совин маань бар болоод матар луу нэг алхам ч ойртуулаагүй билээ.

Төгсгөл буюу нутгийн зүг

7 хоногийн аялалд их зүйл үзэж олон ч юм сурсан. Тайланд орноос хамгийн их таалагдсан зүйл ард иргэд нь бүгд инээж явдаг нь. Ихэд жаргалтай гэмээр. Энэ нь жуулчдад маш сайхан сэтгэгдэл төрүүлж, дахин хүрэлцэн ирэх шалтгааныг авчирдаг. Тэд үйлчилгээ үзүүлэхдээ үргэлж инээж найрсаг ханддаг гарын цайлгах мөнгө өгөхгүй байсан ч сайхан харьцсаар дуусгадаг. Үнэт эдлэлийн дэлгүүр хэсэж, далай дээгүүр шүхрээр нисэж, усан онгоц дээр “Улаанбаатарын үдэш” дуулж, ажлын хамт олонтойгоо хөгжилдөн, амтат хоол, сонин содон зүйлийг үзсээр 7 хоносон аялал маань өндөрлөсөн билээ. Компаниас жил бүр ажилчдыг аялуулж, баг хамт олноор амраадаг байсныг өмнөн аялаж байсан ажилчдаас сонсож явахыг ихэд хүсдэг байж билээ. Энэ удаа хамт олноороо ийм сайхан аялалд явсандаа маш их баярлаж, үдэлтийн арга хэмжээ дээр бие биеэ хараад нулимс дусаж байсныг нуух юу билээ. Бөөн эрч хүч, бөөн сэтгэл ханамжаар дүүрэн хамт олон минь нэг л өглөө эх орон, үр хүүхдүүдрүү яарсан юм.  Гайхалтай аялалд явуулсан Тэсо компанидаа, нийт удирдлага хамт олондоо, үзэсгэлэнт  Тайланд улсад баярлалаа.  Би лав дахиад очих хүсэл дүүрэн үлдсэн. 

Тэмдэглэл хөтөлсөн. А. Идэр